Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олдлоо. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байна. Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтнүүд, судлаачид малтлага хийж байна. Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн төрт улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна.
МУИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай:
Эртний Сяньбичуудын уугуул нутаг нь Сэлэнгэ аймагт байсныг гэрчлэх түүхийн хөдөлшгүй баримтууд олдсоор байна. Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар эртний Сяньбичуудыг Дорнод Монгол, Хянганы нуруугаар амьдарч байсан гэж үздэг. Бидний судалж буй энэхүү томоохон язгууртны булш, бунхны судалгаа нь дэлхийн эртний хүн төрөлхтний түүхийг өөрчлөхүйц урьд хожид олдож байгаагүй томоохон хэмжээний олдворт тооцогдож байна. Энэ судалгаагаар олон түүхийн зангилаа тайлагдана гэж бодож байна.

© 2026 он. eruu100.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency